Өвөрмонголын Сүнсний хотыг биткойн “амилуулж” байна

2017-11-26,
Өвөрмонголын Сүнсний хотыг биткойн “амилуулж” байна

Өвөрмонголын Ордос хотыг нэг сая хүнд зориулан босгосон ч ердөө 20 мянган хүн амьдардаг байв. Хоёр жилийн өмнө “Сүнсний хот” хэмээх нэршил авсан уг хот өдгөө Хятадын цахим валют олборлох нийслэл болж, эргэн амилжээ. Ордосын уугуул иргэдийн амьдрал нүүрсний уурхайн үр шимээр сайжирсан бол одоо тэд шинэ зууны өөр нэгэн уурхайг илрүүлжээ. Тэр бол биткойн.

Биткойныг гарган авахад маш өндөр хүчин чадалтай компьютер шаардлагатай. Тэдгээрийг ажиллуулахад их хэмжээний цахилгаан хэрэгтэй нь мэдээж. Тэгвэл Бээжинд төвтэй ч Ордос хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Bitmain” компани төрийн өмчит Хятадын цахилгаан дамжуулах корпорациас авч буй цахилгаанд нэг киловатт цагийн дөрвөн цент төлдөг. Үүний хариуд биткойн олборлож олсон орлогоосоо татвар төлдөг аж.

“Цахим валютын олборлолт явуулахад хямд үнэтэй цахилгаан амин чухал. Гэвч энэ бол нэг л асуудал. Тухайн хямд цахилгааныг удаан хугацаанд, тогтвортой хэрэглэх нөхцөл бүрдүүлэх нь хамгийн гол зүйл” хэмээн “Bitmain” компанийн олборлолт хариуцсан захирал Сү Жиахай “Tech in Asia” сэтгүүлд ярьжээ. Тэд мөн Сичуан муж дэх усан цахилгаан станцаас эрчим хүч татдаг аж.

Coindesk.com өнгөрсөн нэгдүгээр сард дэлхий даяарх биткойны арилжааны 85 хувь нь Хятадаас гаралтай хэмээн таамаглаж байв. Тус улсын Засгийн газраас эх газрын иргэдийг биткойноор арилжаа наймаа хийхийг хориглосон билээ. Тиймээс цахим валютын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хятад компаниуд Хонконг, Эстони руу нүүцгээж буй. Нөгөө талаар, биткойн олборлох өндөр хүчин чадал бүхий машин /компьютер/-ийн үйлдвэрлэл болон олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Bitmain”, “Canaan Creative”-ын аль, аль нь Хятадын компани юм.

“Төр засгийн удирдлагууд цахим валютыг хэрхэх учраа олохгүй байх шиг байна. Биткойн олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг эрчим хүчээр хангахаа болихгүй байх гэж найдна. Уг нь Хятад биткойн олборлоход шаардалагатай цахилгаан, эрчим хүчийг бусад улсад экспортлох бодит боломж ч бий. Гол нь улс төрчдийн тэнэг үйлдлээс болж эдийн засагт хохирол учрах вий гэдэгт санаа зовох юм. Хамгийн гол нь биткойны арилжаанд төр эсвэл аль нэг улсын банк оролцох боломжгүй нь тэднийг айлгасан биз. Тэд хүмүүсийг хянаж цагдах, удирдах хүчээ алдана гэдгээс л эмээж буй юм” хэмээн Хятадын нэрээ нууцалсан биткойны хөрөнгө оруулагч “Forbes” сэтгүүлд ярьжээ.

Ордос хотод амьдрал буцаан авчирсан биткойн олборлох үйлдвэр гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар, өдөрт 39 мянган ам.долларын цахилгаан хэрэглэж, 250 мянган ам.долларын биткойн олборлодог байв. Тэгэхэд нэг биткойн 1300 орчим ам.доллартай тэнцэж байсан юм. Харин энэ тоо өнөөдөр 9000 ам.долларт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, уг компани өдөрт нэг сая 700 мянга гаруй ам.доллартай тэнцэх биткойн олборлож байна гэсэн үг.

Хоёр жилийн өмнө 20 мянган хүнтэй байсан Ордост өнөөдөр 153 мянган хүн байнгын оршин сууж, 4750 бизнес үйл ажиллагаа явуулж буй бөгөөд орон сууцны үнэ 2015 оныхоос 50 хувиар нэмэгджээ. Энэ тоо ч, биткойны үнэ ч цаашид өсөх төлөвтэй хэмээн Сү Жиахай ярьсан аж.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

idiomatic-dormant