Биткоины анхны тэрбумтнууд: Уинклвоссын ихэр

2017-1-7,



Facebook-ийг үүсгэн байгуулах санааг нь хулгайлсан гэж Марк Цукербергийн эсрэг шүүхэд зарга мэдүүлж, хэвлэлийн баатар болж байсан Уинклвоссын ихэр өдгөө биткоины баатрууд болжээ.

Цукербергтэй заргалдаж, 65 сая ам.долларын нөхөн төлбөр авч чадсан тэд 11 саяыг нь 2013 онд биткоинд хөрөнгө оруулсан байна. 2016-2017 биткоины ханш ид шидийн гэмээр өндөр өсөлттэй байсны ачаар Уинклвоссын ихэр 2017 оны төгсгөлд биткоины анхны тэрбумтнууд болсон юм. Тэд биткоины ирээдүйг үүнээс ч өндрөөр үнэлдэг. Цаашид биткоины ханш өнөөдрийн түвшнээс 20 дахин өсч, хувьцаа, бонд, алт гээд уламжлалт санхүүгийн хэрэгслээс хол тасарна гэдэгт итгэдэг.

Тэднийг биткоинд хөрөнгө оруулах шийдвэр гаргах үед энэ криптовалютын ханш 120 ам.доллартай тэнцэж байв. Тэр үед ихэр 11 сая ам.доллараар дэлхийн биткоины зах зээлийн нэг хувийг эзэмших болсон байна. Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрөхөд биткоины ханш 10,000 хувиар өсчээ. Харин Уинклвоссын ихэр 2015 онд Gemini нэртэй биткоин арилжааны системийг бий болгосон нь дэлхий дээрх анхны албан ёсны зөвшөөрөлтэй цахим валютын арилжаа гэгдэж байна.

Уинклвоссын ихрийг Тайлер ба Камерон гэдэг. Тэд 36 настай. Царай төрхийн хувьд усны дусал мэт адилхан. Тэд хоёул АНУ-ыг төлөөлж, олимпод оролцож байсан, тэдний тухай Холливудад бүрэн хэмжээний кино бүтээсэн гээд сонирхолтой фактууд байдаг.

Ихэр 1981 оны наймдугаар сарын 21-нд Нью-Йорк мужийн Саутэмптон хотод төрж, Коннектикут мужийн Гринвич хотод өсч торнижээ. Аав Ховард Эдвард Уинклвосс Жуниор нь санхүүгийн өндөр боловсролтой нэгэн байсан тул хөвгүүдээ ч мөн энэ чиглэлээр эрдэм номын мөр хөөлгөжээ. Тайлер, Камерон нар Брунсвик нэртэй зөвхөн хөвгүүдэд зориулсан, хувийн сургуульд сурч төгсөөд Харвардад элссэн байна. 2004 онд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, дараа нь 2010 онд Оскфордын их сургуульд мастерын зэрэг горилжээ.

Харвардад хамт сурч байсан ангийн нөхөр Дивя Нарендратай хамтран тэд 2004 оны тавдугаар сард HarvardConnection /хожим ConnectU гэж нэрийг нь өөрчилсөн/ нэртэй сошиал сүлжээ хуудсыг нээж байв. Хэрэглэгчид нь хүмүүсийг найзаа болгон нэмж, тэдэн рүү зурвас илгээж, хувийн мэдээллээ тогтмол шинэчлэн оруулж, өөрсдийнхөө тухай найзууддаа сонин хачин дуулгах боломжийг олгосон тэр сүлжээний санааг нь Цукерберг хулгайлсан гэж тэд үздэг.


/зураг Дивя Нарендрагийн хамт/

Уинклвоссынхон Харвардад сурч байхдаа Марк Цукербергтэй танилцжээ. ConnectU-г үүсгэн байгуулах бэлтгэл ажилд Цукербергийг оролцуулсан нь хожим Facebook бий болох үндэс болсон байна. Сошиал сүлжээ бий болгох санааг нь хулгайлсан гэж Уинклвоссын ихэр 2004 онд шүүхэд гомдол гаргасан юм. Шүүхийн үйл явц дөрвөн жил орчим үргэлжилж, 2008 онд тэд 65 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулж авахаар болов. Гэхдээ Facebook компанийн удирдлагыг тэдэнд шилжүүлэхийг шүүх зөвшөөрөөгүй юм.

Тэдний энэ түүхээр Холливудын найруулагч Дэвид Финчер 2010 онд “Сошиал сүлжээ” нэртэй кино бүтээсэн нь бий.

196 см өндөртэй Уинклвоссын ихэр оюуны өндөр чадвартайгаас нь гадна бие махбодидоо ихээхэн анхаардаг гэнэ. Булчин шөрмөс нь зангирсан бахим залуус хамтдаа Бээжингийн олимпод оролцож байв. АНУ-ын сэлүүрт завины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, олимпийн усан замд уралдаад зургадугаар байрт шалгарчээ. Олимпийн амжилтаас гадна тэд 2007 оны Пан Америкийн наадмаас алт, мөнгөн медаль зүүж, олимпийн удаах жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

Тэд хоёул ганц бие. Олон сайхан бүсгүйчүүдтэй болзож, цэнгэн зугаацаж, Бразилын ихэр модельтой дөрвүүлээ хамт болзоонд явсан тухай мэдээллүүд шар хэвлэлийн хуудсанд хангалттай гарч байв. “Ээж нь тэднийг гэр бүлтэй болж, амьдралаа төвхнүүлээсэй гэж хүсэлгүй яах вэ. Гэхдээ 36 нас гэдэг оройтоогүй” хэмээн тэдний сайн найз Нарендра нь ярьжээ.

Харвардад хамт сурч байсан Нарендра тэдний талаар “Тэд үргэлж ижилхэн хувцасладаг. Толинд бие биенээ харж байгаа мэт маш адилхан. Гэхдээ хоёулаа байхын давуу тал маш их. “Тийм ээ, яг чиний зөв” гэж өдөр бүр хэлэх хүнтэй байна гээд төсөөлөөд үз” хэмээн ярьсан нь бий.

Уинклвоссын ихэр улаан хивсний ёслол, олон нийтийн хүндэтгэлийн арга хэмжээнд очихдоо тэр бүр ижилхэн хувцасладаггүй. Тэд Холливуд Хиллс, бас Соход дундаа байшинтай. Гэхдээ үргэлж хамт амьдардаггүй гэж төлөөлөгч нь хэлж байсан удаатай.

“Тэд хамтдаа илүү сонирхолтой, илүү хүчирхэг болдог. Ганцаараа байснаас илүүтэй хамтдаа байснаар тэд хоёр дахин хүчирхэг болж чаддаг. Тийм л учраас тэд хэзээ ч ганц ганцаараа явдаггүй. Тэд дэндүү адилхан. Ижил хувцасладаг, ижилхэн үсний засалт сонгодог. Гэхдээ хувь хүнийхээ хувьд тэд маш өөр” хэмээн Нарендра ярьжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

idiomatic-dormant